MFDF_logo_official
  • ЭХЛЭЛ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • СУРАЛЦАХ
  • БИДЭНТЭЙ ХАМТРАХ
✕
  • ЭХЛЭЛ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • СУРАЛЦАХ
  • БИДЭНТЭЙ ХАМТРАХ
MFDF_logo_official
  • ЭХЛЭЛ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • СУРАЛЦАХ
  • БИДЭНТЭЙ ХАМТРАХ
✕
  • ЭХЛЭЛ
  • БИДНИЙ ТУХАЙ
  • СУРАЛЦАХ
  • БИДЭНТЭЙ ХАМТРАХ

Дэлхийн нэр хүндтэй арга хэмжээнээс туршлага судлав.

Published by admin on March 13, 2026

Талбай дээр шүүгчгүй, тоглолтоо тоглогчид нь авч явж, зөрчлөө хоорондоо шийдвэрлэнэ. Энэ бол Алтимэйт фризбийн гол онцлог.

Монголын фризбийн холбоог хариуцан ажилладаг хүний хувьд би энэ зун Европоор аялж явахдаа Нидерландын Амстердам хотод жил бүр зохиогддог олон улсын Алтимэйт фризбигийн “Windmill Festival”-д сайн дурын ажилтнаар оролцсон юм.

Энэхүү фестивал нь европын хамгийн том, олон улсын оролцогчидтой Алтимэйт фризбигийн арга хэмжээ бөгөөд энэ жил дэлхийн 40 гаруй орноос 80 гаруй баг, 1500 гаруй тамирчин цугласан. Хэдийгээр фестивал хэлбэртэй ч тухайн спортын төрөлдөө нэр хүнд, оролцогчдын түвшнээрээ дэлхийн шилдэг арга хэмжээнүүдийн нэгт тооцогддог. Тэмцээний гол онцлог нь зөвхөн өрсөлдөөн бус, харин “Spirit of the Game” буюу ёс зүй, харилцан хүндэтгэлийг нэн тэргүүнд тавьдаг соёлтой.

Анх төлбөр төлж үзэгчээр оролцож болох байсан ч би дотроос нь арга хэмжээ хэрхэн зохион байгуулагддаг, арын үйл ажиллагаа хэрхэн явагддаг мэдрэхийг хүссэн юм.

Миний хувьд тэмцээний үеэр оноо бүртгэгчээр, тоглолтууд дууссаны дараа маргаашийн бэлтгэл, оройн хоол хувиарлах зэрэг шаардлагатай ойр зуурын ажилд тусласан. Оноо бүртгэгчээр ажилласан нь тоглогчдын тоглолтод хандах хандлага, хоорондын харилцаа, маргаан шийдвэрлэж буй байдал гээд нарийн деталь зүйлүүдийг харахад их дөхөмтэй байлаа. Жишээ нь:

  • Тоглолтын хуваарийг урьдчилан гаргасан бөгөөд тоглолтыг удирдан явуулах шүүгчгүй тул тоглолтдоо бэлдэх, тоглох, алдаа зөрчил гарах үед тоглогчид хоорондоо ярилцаж шийдвэрлэнэ. Гол нь тэд хэрэлдээд байхгүй, маргааны цар хүрээ томорвол анзаарсан даруйдаа зөрчил үүссэн хүмүүсийн дууд яриаг үлдээж буй нь гайхалтай санагдсан.
  • Алтимэйт фризби нь талбай дээр тус бүр долоон тоглогчтой хоёр баг өрсөлдөж, диск хүлээн авч оноо цуглуулдаг спорт. Эрэгтэй, эмэгтэй, холимог гэсэн гурван төрлөөр явагдах бөгөөд мэдээж эрчүүдийнх өрсөлдөөн өндөртэй ч дөрөв гурваараа баг болсон эрэгтэй, эмэгтэй холимог багуудын доторх багийн ажиллагааг харах гоё байсан. Ер нь ийм холимог багийн тэмцээнүүдийг мэргэжлийн түвшинд тэр бүр хараад байдаггүй шүү дээ. Эмэгтэйчүүдээ дэмжинэ, тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс талбайн хаана тоглуулах гээд толгой ажиллаж, ач холбогдол өгөх зүйлс их.
  • Тоглолтын цагийг багууд өөрсдөө хянана. Оноо бүртгэгчээс лавлаж болох ч сануулах нь миний үүрэг биш. Гарсан аливаа зөрчил, ойлгомжгүй байдлыг тухайн багууд өөрсдөө шийдвэрлэнэ. Энэ нь тоглогчдын хариуцлага, харилцааны чадварыг хөгжүүлдэг гол систем нь юм.
  • Талбай дээр бие биенээ урамшуулж, гоё оноо авбал өрсөлдөгчөө ч магтана. Тэд бүгд ялахын төлөө тоглож байгаа ч хүндэтгэл үүнээс үргэлж дээгүүр байрлана. Энэ бол тус спортын суурь “Spirit of the Game”-ийн жинхэнэ утга.
  • Тоглолтын дараа хоёр баг тойрч суугаад болж өнгөрсөн тоглолтын талаар ярилцдаг. Хэн сайн тоглосон, ямар зөрчил гарсан, юу сайхан, муухай байсан гээд бүгдийг нээлттэй хуваалцана. Үүнийг “Spirit Circle” гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тоглогчдын харилцааны ур чадвар, багийн уур амьсгалыг нэмэгдүүлдэг тус спортыг илтгэх өвөрмөц соёлын нэг.

Уг туршлагаас би “спорт бол хамтын бүтээл” гэдгийг бүр илүү ухаарлаа. Тэр тусмаа багийн спорт. Өрсөлдөөн биднийг хөгжүүлдэг ч түүнд хэт автах нь шударга бус аргаар ялах сэтгэлгээ рүү түлхдэг. Харин Алтимэйт фризбид өрсөлдөөн, ёс зүй, хүндэтгэл гурав салшгүй нэгдэл. Талбай дээр өрсөлдөгчид ч агуулгаараа тухайн спортод оролцогч талууд бүгд л спортынхоо нэг хэсэг, бүтээгчид.

Алтимэйт фризбигийн тамирчид өрсөлдөж байгаа ч нэгнийгээ хүндэлж, маргаан гарахад өөрсдөө шударгаар зарладаг байх учиртай. Энэ бол зөвхөн дүрэм бус, сэтгэлгээний түвшний спортын соёл юм. Хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол тамирчдын хандлага. Тэд ямар хамаагүй аргаар ялах гэж биш, хамтдаа сайхан тоглох гэж оролцож буй нь оноо бүртгэгчийн хувиар илүүтэй мэдрэв.

Windmill Festival-д сайн дурын ажилтан хийсэн нь надад дуртай спортоо өөр өнцгөөс харах, олон улсын спортын соёлтой ойртох, аялалын өөр нэгэн туршлага боллоо гэж харж байна.

Тэгээд мэдээж фестивал, залуус цугласан арга хэмжээ гэдэг утгаар хөгжилдөлгүй л яахав.

Share
93
admin
admin
МОНГОЛЫН ФРИЗБИЙН ХОЛБОО © 2026